Сүхбаатар аймаг

Мөнххаан сум

27 C

Цаг агаар

2849

Валютын ханш

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

Сүхбаатар аймгийн Мөнххаан сум

 

Мөнххаан сумын танилцуулга

Богд хаант Монгол улсын Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай Чин вангийн хошуу /Одоогийн Хэнтий аймгийн Баян-Овоо, Идэрмэг, Батноров, Норовлин, Сүхбаатар аймгийн Уулбаян, Түмэнцогтын нутаг ороод/ одоогийн манай сумын төв байсан билээ. 1923 онд Хан Хэнтий уулын аймгийн Мөнххаан уулын хошуу болгон өөрчилснөөр сумын анхны гал голомт үүссэн түүхтэй. Засаг захиргааны шинэчлэлээр газар зүйн байршлын дагуу 1942 онд Жавхлант шарга аймаг буюу одоогийн Сүхбаатар аймгийг анх байгуулагдахад тус аймгийн харъяа сум болсон.

Нийт газар нутгийн хэмжээ 741,508 га газар нутагтай, сумын төвийн 1, хөдөөгийн 4 багтай. Баянтэрэм 1-р баг, Баян-Уул 2-р баг, Баянцагаан 3-р баг, Баясгалант 4-р баг, Бүрэнцогт 5-р баг гэсэн 5 багийн нийт 1476 өрхтэй үүнээс малчин өрх – 904, мал бүхий өрх – 183, 4923 хүн амтай. Хүн амын тоогоор Сүхбаатар аймагт 3-т, газар нутгийн хэмжээгээр 4-т ордог. Сумын хэмжээнд нийт 441354 толгой малтайгаас 574 тэмээ, 37618- адуу, 31672 - үхэр, 224384- хонь, 147106 -ямаа байна

Сум зүүн, зүүн урд, урд талаараа Дорнод аймгийн Хөлөн-буйр, өөрийн аймгийн Сүхбаатар, Уулбаян сумтай, баруун, баруун урд, баруун хойд талаараа Түвшинширээ, Хэнтий аймгийн Галшар, Баянхутаг сумадтай хойд, зүүн хойд талаараа Хэнтий аймгийн Түмэнцогт сумадтай хиллэдэг бөгөөд 8 сумадтай хил зэргэлдээ байршилтай байдгийн хувьд бүс нутгийн төв болох боломж ирээдүй ихтэй.

Газар зүйн хувьд тал хээрийн бүсэд багтах бөгөөд далайн төвшингээс дээш 1100-1600 метр өргөгдсөн. Мөнххаан уул – 1640м, Заан ширээ уул 143м, Улаан хад 1394м, Дэлгэрчандмань 1300, Баянтэрэм уул – 1184 зэрэг өндөр уулс, алсаас сүндэрлэн харагдахын зэрэгцээ Цагаан- Ус, Шинэ- Ус, Цээл, Хоолойн худаг, Хавцгайт, Баянцагааны тал хөндийнүүд байгалийн гоо сайхныг илтгэнэ.

Нутгийн алдартнууд

Монголын хувьсгалчдыг төрүүлсэн ардын хувьсгалын анхны партизан хувьсгалчдаас Дансрангийн Догсом, Магсар хурцын Дугаржав, журмын нөхөр Жав буюу Б.Намсрайжав, Пунцаг, Бүгд найрамдах Монгол улсын цэргийн яамны анхны сайд Г.Гомбосүрэн, БХЯ-ны сайд асан Ж.Ендон болон удирдах өндөр албанд ажиллаж байсан О.Жамсран, Б.Жигжидсүрэн, Ж.Лувсанжамц, Д.Галсан, В.Гонгор, Я.Болд нар манай сумын уугуул иргэд билээ.

Мөн хөдөлмөрийн баатар хоньчин Ч.Лувсан, сум нэгдэл САА-н даргаар ажиллаж байсан Д.Адъяа, холбоочин Д.Сосор, төрийн соёрхолт гавъяат эмч Н.Гэндэнжамц, гавъяат багш Ч.Банзрагч, гавъяат барилгачин Г.Сэр-Од, гавъяат нэгдэлчин Намжил, Долгорсүрэн, гавъяат тээвэрчин Ё.Баяраа, Аж үйлдвэрийн гавъяат Ж.Жанцанхорлоо, дэд доктор археологич Д.Наваан, дэд эрдэмтэн физикч Р.Тогоо, Ч.Бадам, эрдэмтэн Ж.Дамдинсүрэн, Ш.Болдбаатар, Г.Гантулга, Д.Халтар, Ц.Буянтогтох, Ж.Ган-Очир, Д.Галсан, нэрд гарсан сэтгүүлч Дожоодорж, Л.Сүрэнбаатар, Т.Саранчимэг, Л.Ожгоош, Улсын харцага Ц.Магалжав, Улсын начин Б.Батжаргал нарын алдартангууд . Мөн сумаас Улсын аварга малчин- 8, алтан төлийн эзэн - 7, аймгийн сайн малчин – 25, Аймгийн алдарт уяач 46, сумын алдарт уяач 50 төрөн гарсан байна